Tuesday, December 21, 2010

Технологийн менежмент Бие даалт 5


Маня Склодовска 1867 онд Польшийн нийслэл Варшав хотод төржээ. Арван настайд нь ээж нь нас барж амьдралын анхны бэрхшээлтэй учирсан байна. Тийм боловч лицейгийн тэргүүн сурагч болж, алтан медальтай төгсчээ. Түүний өмнө тэдний гэр бүлээс 2 ч хүн энэ шагналыг авсан байлаа. Дээд боловсрол олох эрх авсан тэрээр аавынхаа нутаг руу буцсан бөгөөд тэр үед Польшид эмэгтэй хүн их сургуульд сурах эрхгүй байжээ. Тиймээс ч шууд их сургуульд орж чадсангүй.
Маня Польшид байх хугацаандаа баян, нэр хүндтэй айлд зарагдаж дорд үзэгдээгүй бол эрдэмтэн болж ради хэмээх бодисыг олж нээж чадахгүй байлаа. Түүний түүх гэвэл:
Маня 19 настайдаа Польшийн нэгэн баян айлын 10 настай охидыг харж, хичээлд нь тусалдаг байлаа. Тэр айлын коллежид сурдаг том хөвгүүд нь зуныхаа амралтаар гэртээ иржээ. Гэрийн шинэ үйлчлэгчийн сайхан зан ааш, шүлэг найргийн мэдрэмж, мэдлэгийг хүү нь бишрэн түүнтэй гэрлэхээр санаа шулууджээ. Хүүгийнхээ шийдвэрийг сонсоод ээж нь ухаан балартан унаж, аав нь уурлан зандачсан байна. Миний хүү яаж удам угсаагүй хүнтэй гэрлэх вэ? Айлын гэрт үйлчилдэг, нийгэмд эзлэх байр суурьгүй охинтой гэрлэх нь боломжгүй зүйл шүү дээ гэсэнд  Маня гайхан цочирдлоо. Тэгээд гэрлэх бодлоо орхин, үргэлжлүүлэн суралцаж, шинжлэх ухааны төлөө зүтгэхээр шийджээ. Варшавт эргэж очоод их сургуульд орохоор ахин оролдож эхэллээ. Франц хэл мэддэг, мөн Францын Сорбоны их сургууль нь эмэгтэйчүүдэд боловсрол олгохыг дэмждэг сургуулиудын нэг гэж мэддэг тул Парисыг зорьсон байна.
23 настайдаа буюу 1891 онд Сорбоны их сургуульд элсэн орсноор хүссэндээ хүрсэн бөгөөд “Маня” нэрээ франц дуудлагын дагуу “Мари” болгон өөрчилжээ. Нэлээн бүрэг, нөгөө талаас бүх л зүйлээ сурч боловсроход зориулсан тул найз нөхөд байсангүй. Найз нөхөдтэй болох цаг зав ч байсангүй. Хичээл хийгээгүй цагаа хоосон өнгөрүүлсэнд тооцдог байжээ.
Их сургуульд суралцах хугацаандаа хүүхдэд хичээл зааж мөн Польшид математикийн багш хийдэг аавынхаа хааяа явуулдаг мөнгөөр амьдардаг байсан бөгөөд өрөөнд нь гал түлэх ганц чучил ч байсангүй.
Өвлийн урт шөнө гал түлэлгүйгээр даарч бээрсэн гараараа математикийн бодлого бодохоор оролдон суудаг байжээ. Ирээдүйн эрдэмтэн болох энэ эмэгтэй орой унтахынхаа өмнө чемоданаасаа алчуур, ор дэрний даавуу, хуучин хувцас гээд байгаа бүхнээ давхарлан нөмөрдөг байсан ч чичирч дагжсаар унтдаг байлаа. Ядуу хоосон байдал нь Маригийн хүслийг мохоогоогүй бөгөөд харин ч улам их бадраажээ.
Ажилдаа улайран, мэдлэг олж авахыг үнэхээр хүсдэг байсан тул өлөн байгаагаа ч тоодоггүй байлаа. Түүний дотор бадран асч байсан тэр гал хэзээ ч бөхсөнгүй. Маш бага хооллодог байсан бөгөөд үнэтэй цагаа дэмий өнгөрөөхгүйн тулд хоол хийлгүй, өдрийг талх цөцгий, цай төдийхнөөр өнгөрүүлдэг байжээ. Тэр үедээ үнэхээр ядуу байсан тул нэлээн олон удаа ухаан алдаж унасан гэдэг. Нэг удаа ангидаа ухаан балартаад сэргэхдээ эмчид зөвхөн жимс, улаан манжингаар хооллодог тухайгаа хэлсэн гэнэ.
Хэдийгээр хүнд нөхцөл байдлын дунд оюутан үеэ өнгөрүүлж байсан ч Сорбоны их сургуулийн физикийн ангийн тэргүүн сурагч болж 1893 онд төгсчээ. Эдийн засгийн бололцоогүйгээс хамгийн дуртай математикаа ч орхихоос аргагүй болох үед нэг найз нь тусалсны ачаар дахин эхэлжээ. Олон жилийн дараа анх удаа ажлынхаа хөлсийг авчихаад өөр нэг ядуу оюутанд тус болог гэсэндээ өмнө авсан тэтгэлэгээ буцааж төлжээ.
 Хорин долоон настай Мари ажиллаж байсан лабораторынхоо хамтрагч, цахилгаан ба соронзон орны талаарх судалгаагаараа олны анхаарлыг татаж байсан залуу Пьер Кюритэй танилцан нэг жилийн дараа гэрлэжээ. Эхэндээ хамтарч ажиллан, судалгаа хийдэг байлаа. Тэдний энэхүү аз жаргалтай байдал нь физикт олон зүйлийг нээн гаргах сайхан хамтын ажиллагаа байв. Амьдралд нь өчүүхэн төдий ч үл ойлголцол байсангүй.
Тэдний амьдарч байсан үед шинжлэх ухааны нээлтүүд ар араасаа цувран гарч байлаа. Германд Рентген “х- туяа”- г нээж, Францад алдартай физикч Бекүрел туршилтаараа ураны малтмалын дотор уранаас гадна өөр нэг элемент байгааг үзжээ. Тэрээр энэ таамаглалаа хүндэлж явдаг хүн болох Мари Кюрид хэлсэн байна. Энэ нь эхнэр нөхөр Кюригийн анхаарлыг ихэд татаж тэд сайтар туршиж үзсэний дүнд энэхүү элемент нь мэдэгдэж байгаа элемент биш, цоо шинэ нэг элемент болохыг тогтоож өөрсдийн судалгаагаа орхин шууд энэ ажлын судалгаанд оржээ.
Ураны ашигт малтмал нь үнэтэй байсан бөгөөд тухайн үед зөвхөн Австрид олдворлодог байлаа. Кюри нар санхүүгийн бололцоо сайн биш байсан тул ураны малтмал биш, зөвхөн ураныг нь авсан хүдрийн үлдэгдлийг шинжилж үзжээ. Австрийн засгийн газар хүссэн зүйлээ тээврийн хөлсийг нь төлөөд авахыг зөвшөөрчээ. Тэд хэдэн тонн ураны хүдрийн үлдэгдлийг лаборатори гэж нэрлэдэг, нэг муу модон амбаартаа авчирчээ. Түүний дараа шинжлэх ухааны түүхэнд хамгийн их зүдэргээтэй, тэвчээр барсан шинжилгээ судалгааны ажлаа эхэлжээ.
Тэгэхдээ хүдрийн үлдэгдлийг том тогоонуудад хийн, ялгахаас ажлаа эхэлсэн байна. Хайлшаа үргэлж хутган шүүж байв. Хайлуулах, хатаах ажиллагаа олон сарын турш үргэлжилжээ. Ядарч туйлдсан Мари өвөл нь хатгаа тусч орноосоо өндийж чадахгүй болсон тул Пьер 3 сарын турш ганцаар ажилласан байна.
Радигийн туршилт үнэхээр аюултай байлаа. Уярч хайлсан бодис хортой, хурц үнэртэй хий ялгаруулж байсан нь Мари Кюригийн нүдний харааг болон элэг уушгийг нь муутгажээ. Туяаны цацрагийн чанар өндөр ради элементийг гарган авсан байна. Энэ туршилт нь үнэхээр аюултай байсан бөгөөд нэг удаа Пьер Кюри гараа түлээд халбагаа ч барьж чадахгүй болсон байлаа.
Хоёр жилийн турш ялгах хайлуулах ажил хийсний үр дүнд Мари эх орныхоо нэрээр нэрлэсэн “Поли” нэртэй шинэ бодис гарган авснаа зарлажээ. Үүгээр бүх юм дууссангүй. Учир нь полиг гарган авсан хайлшны дотор түүнээс илүү идэвхтэй өөр бодис байгааг нээсэн байна. Тэгээд үүнээсээ цэвэршүүлж, хайлуулан, туршилт хийсээр нэг дециграммын жинтэй, өөрөөр хэлбэл будааны хагастай тэнцэх өчүүхэн хэмжээтэй радиг гарган авчээ. Энэ бяцхан зүйлийг гаргаж авахын тулд 8 тонн малтмалыг хайлуулан цэвэршүүлсэн байна.
Ради бол үнэхээр зарцуулсан хүч хөдөлмөр, цаг хугацаандаа тохирсон гайхалтай сонин элемент байлаа. Энэ туяаг орчин үед хорт хавдар, зарим нь арьс өнгөний өвчнийг эмчлэхэд ашиглаж байгаа билээ.
1902 онд Мари нөхрийнхөө хамтаар нэг бол баян гэр бүл болох, эсвэл эрдэмтэн хүний нэр төрөө хадгалж үлдэх ёстой 2 замаас аль нэгийг нь сонгох болжээ. Хэрвээ тэд хүссэн бол энэ бодисоо үйлдвэрт худалдан, атом бүрээс нь ашиг олж болох байлаа. Гэвч хатагтай Кюри нээлт хийснийхээ төлөө нэг төгрөг ч авахыг хүсээгүй бөгөөд “Ийм зүйл хийх нь эрдэмтэн хүний зарчимд харш зүйл юм. Эмчилгээний зориулалтаар хэрэглэж болох зүйлээс ашиг олж, баян чинээлэг болохыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.
Ингээд үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэлт саналыг хүлээн аваагүй Кюри нар болон Бекүрел нарт 1903 онд Нобелийн шагнал гардуулсан байна. Олон жил үргэлжилсэн судалгаа нь үр дүнгээ өгч, хоёр хүүхдийнхээ хамт чинээлэг аз жаргалтай амьдрах болжээ. Гэвч харамсалтай зүйл болж 1906 онд алдартай эрдэмтэн Пьер гудамж хөндлөн гарах үедээ морин тэргэнд дайруулж амь насаа алджээ. Эр нөхрийнх нь үхэл хатагтай Кюрид хүндээр туссан ч, лабораторидоо ажилдаа эргэн орсноор тайвширлыг олжээ. Нөхөртөө өгсөн амлалтын дагуу гэр бүл, шинжлэх ухааны ачааг ганцаар үүрчээ.
Нөхцөл байдал хүнд байсан ч Францын засгийн газар Мари Кюрид нөхрийнхөө оронд багшлах эрхийг өгсөн байна. Тэрээр анхныхаа хичээлийг 1906 оны 11- р сарын 5- нд зөвхөн оюутнуудад бус, мөн эрдэмтэд болон Сорбоны их сургуулийн анхны эмэгтэй физикчийг харахаар ирсэн олонд заажээ. Хичээлээ Пьер Кюригийн сүүлчийн үгсээр эхэлсэн гэдэг.
1908 онд профессор цол хүртэн тухайн үед дэлхийн аль ч их сургуулийн хөтөлбөрт ороогүй цацраг идэвхт бодисын тухай лекц унших болжээ. Багшлахын хажуугаар туршилтаа үргэлжлүүлж байсан тэрээр радиг дангаар нь гаргаж авчээ. Хэдийгээр Сорбоны их сургууль түүнийг физикийн профессор гэж хүлээн зөвшөөрсөн ч, Францын шинжлэх ухааны академи 1911 онд түүнд Нобелийн химийн шагнал гардуулах болсныг мэдэгдсэний дараа эмэгтэй хүн учир түүнийг академийн гишүүнээс хасчээ. 1911 онд хоёр дох Нобелийн шагналаа гардан авч, 1913 онд Сорбоны их сургууль түүнд зориулан Цацраг идэвхт бодисын институт байгуулжээ.
1921 онд Америкийн эмэгтэйчүүд түүнд талархлаа илэрхийлэхийн тулд бага хэмжээний тэтгэлэг тэтгэмж өгөх болсон байна. Харин хатагтай Кюри энэ мөнгөө хайрт Польш орныхоо нэгэн эмнэлэгт зориулан хэсэгхэн ради олоход зориулжээ.
1934 онд Францын Альпийн нэгэн сувилалын газар сүрьеэ гэсэн оношоор хэвтүүлэхэд, олон жилийн турш ради цацраг идэвхт бодисын нөлөөнд байсан бүх дотор эрхтэн нь устсан байсныг тогтоожээ. Тэгээд үүнээс болж бий болсон цусны хорт хавдраар 1934 оны 7- р сарын 4- нд нас баржээ. Нас барсных нь дараа эмгэнэл зарласан байна. Ноён, хатагтай Кюри нар энэ туршилтыг хийхдээ зөвхөн шинжлэх ухааны хөгжилд зориулж байсан тул “Honneur” шагналыг хүлээн аваагүй билээ. Шинээр нээсэн бодисоороо олз ашиг олох, зохиогчийн эрхээ баталгаажуулах зэргийг огт хүсээгүй юм. Нэрт физикч Альберт Эйнштейн хожим нь “алдар нэрэнд согтоогүй цорын ганц нэрт хүн” гэж тодорхойлсон Мари Кюри шинжлэх ухааны ололтыг хэзээ ч олз ашиг харан хийж болохгүй гэсэн үзлээ амьдралынхаа туршид баримталсан билээ. 

No comments:

Post a Comment