Tuesday, December 21, 2010

"Улс төр судлалын үндэс" хичээл "Боолчлогдох зам" эссе


“Боолчлогдох зам” эссе
     Улс орны нийгэмд тухайн улсын нийгмийг бүхлээр нь өөрчлөх ямар нэгэн үзэл суртал нэвтрэн орох үед маш олон үймээн самуун, үл ойлголцол, төөрөгдөл болдог нь жам. Тэрхүү нийгмийг өөрчлөх үзэл суртлын эзэд нийтийн эрх ашгийн төлөө бус харин нэгээхэн хэсгийн эрх ашгийн төлөө ард түмнийг мунхруулж байдаг. Нүүрэн дээрээ тэдгээр олон үзэл санаатнууд ард түмэнд өөрсдийн үзэл санааны байж болох бүх л сайн сайхан зүйл, боломж хамгийн гол нь болох эрх, эрх чөлөөг амлахад ард түмэн чихрэнд хууртсан жаахан хүүхэд шиг л тэднийг дагаж, тэдний үзэл санаанд итгэдэг. Ингээд л бид өөрсдийн сонголтын дагуу боолчлогдох замын эхэнд нэгэн мэргэн хүний хэлснээр “Салхи хаанаас салхилж байгааг харахын оронд утаа хаашаа хийсч байгааг харах нь элбэг” гэдэг болдог байна.
     Миний бодлоор хүн төрөлхтөний түүхэнд төгс нийгэм гэж байгаагүй. Учир нь хүн өөрөө төгс биш юм. Хүн төрөлхтөнд төгс нийгэмтэй хамгийн ойртох нийгмийг байгуулсан ч ямар нэгэн алдаа, цоорхой хаа нэгтээ байнга гарч байдаг. Энэ нь хүний хувьсамтгай шинжтэй холбоотой. Аливаа зүйл тодорхой хугацааны амьдралын мөчлөгтэй. Тухайн амьдралд нэвтрэх үе байхад мөхөх үе байдаг. Нэгэн хэвийн зүйлтэй удаан хугацаагаар дасан зохицох хүмүүс байхад, түүнээс залхсан, өөр шинэ зүйлийг эрэлхийлсэн хүмүүс байдаг учир нийгмийн амьдралын хэв маяг нэгээс нөгөөд шилжиж байдаг.
Амьдралын бүхий л зүйл эерэг сөрөг талтай байдаг. Түүхийн хуудаснаас харахад улс орнууд нийгмийн засаглалын олон хэлбэрийг дайран өнгөрсөн. Тэдгээр нийгмийн засаглалд ард түмнийг мөлжин дарлаж, захирч байсан засаглал байсан ч нөгөө талаар улс орныг хөгжүүлэх сайн тал ч байсан байдаг. Үүнд төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийг хэлж болно. Энэ үед улс төрийн удирдлага бүх л зүйлийг төлөвлөж, бүх л зүйлийг механизмд оруулж байсан. Хэдийгээр төлөвлөх нь зорилгодоо хүрэх хамгийн сайн зам боловч улс орны ард түмнийг бүгдийг нэг зэрэг, нэг аргаар удирдан төлөвлөнө гэдэг бүтэшгүй хэрэг. Магадгүй энэ үед тэгш эрх зарим талаараа бүрэн хэрэгжиж байсан байж болох юм. Төлөвлөгөө нормын дагуу ажлаа гүйцэтгэнэ, хэн түүнээ биелүүлнэ тэр авах ёстой зүйлээ авна гэх мэт.
Маш олон судлаачид, эрдэмтэд демократ нийгмийг хамгийн төгс нийгэм гэж үзэж байгаа ч өнөөдөр дэлхийн хаана ч демократ нийгэмтэй улс орон байхгүй байна. У.Черчилл “Демократ бол одоогоор хүн төрөлхтөнд байгаа засаглалын хэлбэрүүдээс арай дөнгүүр нь л юм. Тиймээс бас л дутагдалтай л систем” гэж хэлжээ. Үүнээс үзэхэд бүх л зүйл, хамгийн төгс гэж үзэж байгаа зүйл ч гэсэн ямар нэг хэмжээгээр дутагдалтай байдаг юм шиг санагдана.
Нийгэмд ард түмний хамгийн их хүсэж хүлээдэг зүйл бол тэгш эрх, эрх чөлөө хоёр юм. Энэ хоёр үнэт зүйл нь ардчилсан нийгмийн тулгуур багана болдог. Гэтэл ардчиллын үед биш авторитар засаглалын үед соёлын болон оюун санааны эрх чөлөө цэцэглэн мандаж байжээ. Үүний учрыг би хүмүүс ямар нэгэн эсэргүүцэлтэй учирч байж, өөрийн үзэл бодлоо хадгалан үлдэж, тухайн эсэргүүцлийг даван туулж, халж чаддаг гэж бодож байна. Эсэргүүцэл нь хүнийг илүү хүчтэй болгож өгч, урам зориг нэмдэг байхад сул задгай тэгш эрх, эрх чөлөө нь хүнийг ямар нэгэн зүйл хийх хүсэлгүй болгодог байх. Ямар нэгэн юм хийлээ ч тэр нь нийтийн талархлыг хүлээсэн зүйл биш байх нь элбэг.
Тэгш эрх, эрх чөлөө гэдгийг зөв утгаар нь хэрэгжүүлэхгүй бол энэ нь эсрэгээрээ маш их хортой. Тэгш эрх гэдэгт хүн болгон тэгш эрхтэй гэхээр А хүн эзэмшсэн зүйлийнхээ дагуу хийж байгаа зүйлийг Б хүн хийх эрхтэй ч тодорхой мэдлэг, туршлага, дадлагын үндсэн дээр хийхгүй бол Б хүний хийсэн зүйл бусдад хохирол учруулах юм бол энэ нь тэгш эрх биш юм. Харин эрх чөлөө гэдэгт дуртай бүх зүйлээ хийж болно гэсэн үг биш. Хэрэв А хүн эрх чөлөөгөө эдэлж байна гээд Б хүний эрхэд халдах юм бол энэ нь бас л эрх чөлөө биш болно.
Ингээд бодохоор хүнд тэгш эрх, эрх чөлөөг хэн бүхэнд ойлгомжтой маш тодорхой гэхдээ бас хязгаартайгаар зааж өгөх нь зөв юм. Үүнээс гадна амьдралын олон үйл явдлыг зохицуулах хэрэг ч гардаг. Энэ бүгдийг зохицуулагч нь улс орны үндсэн хууль болон бусад хуулиуд байдаг. Гэхдээ хууль нь хүн болгонд ойлгомжтой байх ёстой ч хүн бүхний хүслийг биелүүлэгч байж чадахгүй. Энэ н мөн л хүнийг илэрхийлэх үзүүлэлтүүдтэй холбоотой.
Нийгэмд яагаад зөрчил зөрөлдөөн гардаг гэвэл нийгэм хувь хүнийхээ, хувь хүн нийгмийнхээ зорилгыг мэдэхгүйн улмаас тэр. Нийгэм тавьсан зорилгодоо хувь хүний эрх ашгийг бодолцсон байх ёстой. Үүнийхээ дараа нийгэм тавьсан зорилгынхоо мөн чанарыг хувь хүнд ойлгуулсанаар харилцан уялдаж нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэх нь илүү хялбар, ахицтай байна. Ихэнх нийгэмд дээрх харилцан уялдаа явагдаагүйгээс албадлага, хүчирхийлэл зэргийг хэрэглэдэг. Албадлага нь нийтийг хамарч чадах ч энэ нь маш олон эсэргүүцэлтэй учирч, мөн хэсэгхэн хугацааны дараа нуран унадаг.
     Төрийн засаглал, улс төрийн үзэл санаа хэрэгжихэд тухайн улс үндэстний зан байдал, соёл, уламжлал ч нөлөөлөх нь тодорхой. Ямар нэгэн зүйл шинээр эхлэх, эхлүүлэх гэж байгаа үед объектоо олон талаас нь сайн судалсаны үндсэн дээр төлөвлөсөн байх хэрэгтэй. Объектоо судлаагүйн улмаас хэрэгжүүлэх гэж байгаа зүйл маань амархан уналтанд орох нь бий. Шавыг нь бат бэх тавьбал сайн барилга болно гэдэгтэй адил хийх гэж байгаа зүйлийнхээ үндсийг нь сайн тавих хэрэгтэй. Үндсийг нь сайн тавьсан байхад төлөвлөлт цаанаасаа л тодроод ирнэ.
Гэхдээ төлөвлөлт багахан хүрээнд байвал биелэх нь амар. Харин дэлхийн хүрээнд буюу глобаль орчинд биелэх нь тийм ч хялбар ажил бишээ. А, Б хоёр хүн гэхэд л хоорондоо маш олон зүйлээр өөр байхад бүхэл бүтэн улсууд хоорондоо бүр ч өөр болно биздээ. Хэр зэрэг өөр байхынхаа хэрээр төлөвлөгөөг ойлгож хэрэгжүүлэх нь хурдан удаан, зөв буруу гээд олон янз. Тиймээс зорилгоо тодорхой болгох нь хамгийн эхний алхам мөн бөгөөд нэгэнт зорилгоо тодорхой болгосон тохиолдолд яаж, ямар арга хэрэглэж тухайн зорилгодоо хүрэх нь улс орнуудын төлөвлөгөөнд орох юм.
Хүмүүс бид нийгэм ийм байсан, иймээрээ л байна гэж бодож болохгүй. Бид тэмцэж, зүтгэж, мөрөөдөж хийж байж л өөрсдийн жинхэнэ эрх чөлөөт нийгэмтэй болно. Асуудлын өмнө өвдөг сөгдөх удаа байх ч өвдөг сөгдлөө гээд юу өөрчлөгдөх юм бэ? гэдгийг бодож байх хэрэгтэй.
“Бид хийхгүй юм бол хэн хийх юм. Одоо хийхгүй юм бол хэзээ хийх юм”.

3 comments:

  1. Баярлалаа энэ ном бүрэн эхээрээ байгаа нь энэ юм уу?

    ReplyDelete
  2. nomni ehni heseg n bga bh

    ReplyDelete